Зул өргөх

Зул өргөх зан үйлийн уг гарал:"Прасенжит /Prasenajit/ хаан Бурхан багшид тахил өргөхийн тулд намрын сүүл сарын шинийн 15-нд үр тарианы тосоор мянган зэс тогоог дүүргээд гал бадраасан нь ойр орчмын 4 бээр газрыг гэрэлтүүлэн түгсэн болой" хэмээн судар, шастируудад бичигджээ.

Зул өргөсний ач тус:Урьд нэгэн гуйлгачин эмэгтэй хаад, түшмэлүүд Бурханд зул өргөхийг хараад түүнд маш ихээр баясаж, нэг өдрийн турш гуйлга гуйж олсон зоосоороо тос худалдаж аваад, харам, хариу горилох зэрэг буруу сэтгэлгүй чин ариун сэтгэлээр Бурханд тахил болгон өргөсөнд Бурхан түүнд "Ирээдүйд чи Дибангара /Dipamkara/хэмээх бурхан болно" гэж бошиг эшлэл үзүүлсэн байдаг. Тиймээс зул өргөхийн ач тус агуу их бөгөөд асар ариун сэтгэлээр Бурханд зул өргөх аваас түүний шүтэн барилдлага, ерөөл, буянаар үхлийн үеийн гурван үзэгдэл, эд үгүйн дөрвөн баясал, долоон дуршил, бүрэн ариуссан дөрөв, номын найман дээд, тодорхой жинхэнэ ухамсрын дөрвөн хэлбэр зэрэг эрдмүүдийг олох ба билиг оюун нь гийж мунхгийн харанхуйг арилган төгс гэгээрэлд хүрнэ. Бурханд зул өргөх нь дүрст тахилуудын нэг хэлбэр бөгөөд ерөнхийдөө гэрэл гэгээг тахил болгон өргөж буй зан үйл бөгөөд буяныг маш ихээр хураах нэгэн арга болдог.

Ахуйн үесийн тус эрдэм нь:"Зул өргөх" хэмээх их хөлгөн сударт: Бурхан шүтээнд ариун сүсэг бишрэлээр номтой цохилцсон зөв ерөөл тавьж, хүслээ шивнэн зул өргөснөөр

  • Сэтгэл тунгалаг болно.
  • Мунхгийн харанхуй арилж ухаан мэргэн болно.
  • Гэрэлт зул өргөсний учир үзэсгэлэн төгөлдөр болно.
  • Орчинд гэгээ түгээсэн тул амар амгалан жаргалд умбана.
  • Буруу үзэлд үл автан үйлийн үр, шүтэн барилдлагын номд мэргэн болно.
  • Бурхан сахиус баясан адисалж саад тотгор арилна.
  • Санасан зорьсон хэрэг амар хялбар бүтнэ.
  • Тэнгэр хүмүүн сайшаан магтаж хүндлэн тэтгэнэ.
  • Эдлэлээр шамдсан тул мал, хөрөнгө арвижиж баян чинээлэг болно.
  • Нас эцэслэх агшинд самуун бодолд үл автан ухаан саруул болж нар сарны гэрэл мэт олон бурхдыг харснаар муу заяанд үл унана.

Алс хэтийн тус эрдэм нь:"Зул өргөх" хэмээх их хөлгөн судраас"

  • 1. Сүсэг төгс буянч гэр бүлд төрөх ба ухаан саруул нэгэн болно.
  • 2. Зарц, үйлчлэгч нар нь үнэнч ба бусдын хайр хүндэтгэлийг хүлээх
  • 3. Бага наснаас урьдын сайн авьяас ундарч, амьтныг энэрэн хайрлах нигүүлсэл төрөх.
  • 4. Өвчингүй чийрэг сүр жавхлант болсноор хорлолд үл дийлдэнэ.
  • 5. Эрдэм номд мэргэн, хурц ухаант болох.
  • 6. Номтой цохилцсон сайн ерөөл бүхэн биелнэ.
  • 7. Буян ихээр хурааж хилэнц түйтгэрээс ангижрах.
  • 8. Гурван муу заяаны зовлонгоос гэтлэх.
  • 9. Орчлонгийн зовлонгоос машид гэтлэх.
  • 10. Улмаар гэм бүхнээ барж эрдэм бүхнийг төгссөн бурхны хутагт хүрнэ хэмээжээ.

Зул буюу гэрэл өргөх уншлага

  • Ом зу-ла зу-ла бра зу-ла свахай (суухай)
  • Хосгүй тосон далай огоот мэлтэлзсэний голд
  • Хотол чуулсан мянган гэрэл бадрах энэ зул
  • Харанхуйн эрин үеийг огоот гэрэлтүүлэн гийж
  • Хамаг амьтан бурхдыг илтэд үзэх болтугай.
  • Бэлтгэн зул өргөсний энэ буянаар
  • Балар мунхгийн харанхуйг арилгах болтугай
  • Билгийн мэлмий лүгээ төгсөх болтугай
  • Билгүүний надис судлыг нээх болтугай.
  • Энэхүү зул өргөсний ерөөл буянаар
  • Энгүй билгүүний гэгээг түргэнээ олоод
  • Эх болсон зургаан зүйл хамаг амьтны
  • Эвэршээл мунхгийн харанхуйг арилгах болтугай.
  • Зул өргөх уншлагын зан үйл дэлгэр хураангуй гээд ер нь олон байдаг. Харин энэ маш хураангуй нь юм.