Бидний тухай
Хийдийн нэр:Шанхын Баруун хүрээ хийд
Хийдийн түүх:Анхдугаар Богд Жавзандамба - Өндөр Гэгээн Занабазар арван гурван сүүдэр зооглосон арван нэгдүгээр жарны гал гахай жил буюу нийтийн он тооллын 1647 онд Аврал итгэл хутагт ламын ахуй орон “Баруун хүрээ”-г үүсгэсэн билээ.
Жавзандамба хутагт “Өвгөн хүрээнээ” олонтоо залран сууж зохиол бүтээл олныг үйлдэж байсныг түүхэнд тэмдэглэсэн буй. Өндөр Гэгээн халх нутагт олон тооны хүрээ хийд байгуулсан бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн ууган нь энэхүү Баруун хүрээ болох учир “ӨНДӨР БОГДЫН ӨВГӨН ХҮРЭЭ” хэмээн алдаршсан ажгуу.
Баруун хүрээ эл нутаг орондоо хэдэнтээ буурь сэлгэн нүүдэллэсний эцэст дөрөвдүгээр богдын арван гурван сүүдэр зэрэгцсэн, Тэнгэр тэтгэсний тавин хоёрдугаар он буюу арван гуравдугаар жарны гал хонин жилд Сайхан булгийн дэнж хэмээх энэ нутагт ашид суурьшсан билээ. Түүнээс дөрөв дэх жил буюу төмөр нохой жил (1790 он) Гурван суурийн зан үйлийг сайтар бий болгосон.
IV Богд хорин есөн насныхаа усан гахай жил Сайшаалт ерөөлт хааны наймдугаар онд (1803 он) төвөдийн Үйд морилох зууртаа Эрдэнэзуу, Баруун хүрээ хоёрт морилж хийдийн шүтээнд Номхотголын далайн зүрхэн (འདུལ་བ་རྒྱ་མཚོའི་སྙིང་པོ་), Цагийг тохинуулагч залбирал (Жанлав цогцол) хоёрыг айлдаж, судрыг хайрласан нь их гүн учир утгатай байв. Тэр үед арван дөрөвдүгээр жарны эхний гал туулай жил (1807 он) Жүд дацан, Төр гэрэлтийн дөрөвдүгээр онд (1824 он) Цанид дацан, 1846 онд Зурхайн дацан, 1885 онд Дүйнхор дацанг тус тус байгуулжээ.

Төр гэрэлтийн хорин зургаадугаар он буюу арван дөрөвдүгээр жарны гал морин жил, дээр өгүүлсэнчлэн Баруун хүрээнд зурхайн дацан байгуулснаас гадна нэгэн чухаг үйл явдал болжээ. Зургаадугаар Богд Жавзандамба хутагтын дөрвөн сүүдэр зооглосон тэр жил Баруун хүрээний шашны эзэн, цогт дээд ноён лам цорж Лувсанбалдан Ухаа овоот уулын өвөр энгэрт бүтээлийн аймгийн ёсонд нийцүүлэн өөрийн “Лавринг” босгосон нь номын явдлыг арвитгаж, шашны цагаан шүхрийг эрхэм дээдээр хатгасан эдүгээ бидний хуран буй “Пунцагдаржаалин” болой. Үүний хойно арван тавдугаар жарны модон морин жил Гавжийн дамжаа номын хурлын голыг байгуулжээ.
ИХ БОГД ч дацан сүм олноор явж хурал жасын шүтээнд Жанрайсэг намхай жалбо хийгээд Амгалан ажирсан гучин таван бурхны хөрөг хайрлаж байжээ. 1897 оны гал гахай жил богдын зарлигаар Гүжир Дэчин галавын унзад Дагва Дүйнхор дацанд залагдан ирж Сагарын чаглэнг (цам) нягтад байгуулжээ. Мөн 1912 онд БАРУУН ХҮРЭЭНД Аграмбын дамжаа байгуулбай.
Энэ мэт Майдарын сүм, Диваажингийн сүм тэргүүтэй сүм дуган олон байлаа. Ялангуяа Өндөр гэгээний заларч байх үеийн өргөө хожим хойд бурхны өргөө хэмээн алдаршсаны дотор АВРАЛ ИТГЭЛ ХУТАГТ ЛАМЫН АРИУН МУТРААР ҮЙЛДСЭН, МЭРГЭН ОЮУНААРАА ТОЛИЛСОН дурсгалт зүйлс олон байжээ. Эдүгээ Их Богдын таван настайдаа өмсөж байсан БАРИВЧ, өөрийн мутраар үйлдсэн гэх ДАРХАН ГАЛИН хэмээх их бүрээ, АВТАЙ ХААН Үй орноос залж авчирсан ОЧИРВААНЬ бурхны дүр зэрэг олон үнэт зүйлс хадгалагдан шүтэгдсээр авай.


Мөн хойд бурхны өргөөнд, Тугийн гэрт СУУТ БОГД ЧИНГИС ХААНЫ ТӨР УЛСЫН ДОТООД ИХ ХҮЧИТ ХАР ТУГ алтан ургийн голомтод үеийн үед тахигдсаар 1937 он хүрсэн билээ. Эдүгээ тэр ЧИНГИСИЙН ХАР ТУГ хадгалж байсан буурин дээр дурсгалын хөшөө босгосон буй. Анх АВРАЛ ИТГЭЛ ХУТАГТ ЛАМЫН мутраар боссон бөс даавуугаар бүтээсэн Цогчин дугандаа 7 ламтай “Итгэл” хурж завсарлан ажрахдаа нэгийгээ дарж унагаж байсан домогтой. Баруун хүрээ нь шашин бурхан дэлгэр хөгжлийг олсон цагт дөрвөн аймаг, 7 дацандаа 1500 гаруй лам хуврагтай, ГЭГЭЭНИЙ ӨВГӨН ХҮРЭЭ” хэмээн улс даяар алдаршсан төдийгүй Төвөдийн үй нутагт нэрд гарсан ХАЛХЫН ДОЛООН том хийдийн нэгэн байсан болой.
Цагийн хошуу эргэмэгц арван далдугаар жарны төмөр морин жилийн хаврын дунд сарын шинийн наймны (1990 оны 4-р сарын 3) шар нохой өдөр Баруун хүрээний Ноён Ламын лаврин Пунцагдаржаагийн хийдийн буурин дээр байнгын хурлаа ил нээж шашны үйл хэргээ сэргээсэн бөлгөө.
“Байнгын хурлаа ил нээж” хэмээхийн учир нь “Баруун хүрээ” төрийн хар шуурганд том жижиг бусад олон хийдийн адил тарж бутарсан ч амь мэнд үлдсэн лам хуврагууд 53 жилийн турш авдар дотроо бурхнаа залж, зулаа өргөж, шөнө дундаар цогчин хурлаа хурж, унзад ламаа үе улираан сонгосоор нэгэн өдрийн хурлыг ч болов таслалгүй ирсэн гайхамшигт явдал бөлгөө.




