Хөтөлбөр
Хөтөлбөрийн гарчиг байрлана

Өндөр Гэгээн халх нутагт олон тооны хүрээ хийд байгуулсан бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн ууган нь энэхүү Баруун хүрээ болох учир “ӨНДӨР БОГДЫН ӨВГӨН ХҮРЭЭ” хэмээн алдаршсан ажгуу. Жавзандамба хутагт “Өвгөн хүрээнээ” олонтоо залран сууж зохиол бүтээл олныг үйлдэж байсныг түүхэнд тэмдэглэсэн буй.
Баруун хүрээ эл нутаг орондоо хэдэнтээ буурь сэлгэн нүүдэллэсний эцэст дөрөвдүгээр богдын арван гурван сүүдэр зэрэгцсэн, Тэнгэр тэтгэсний тавин хоёрдугаар он буюу арван гуравдугаар жарны гал хонин жилд Сайхан булгийн дэнж хэмээх энэ нутагт ашид суурьшсан билээ.
Түүнээс дөрөв дэх жил буюу төмөр нохой жил (1790 он) Гурван суурийн зан үйлийг сайтар бий болгосон. IV Богд хорин есөн насныхаа усан гахай жил Сайшаалт ерөөлт хааны наймдугаар онд (1803 он) төвөдийн Үйд морилох зууртаа Эрдэнэзуу, Баруун хүрээ хоёрт морилж хийдийн шүтээнд Номхотголын далайн зүрхэн (འདུལ་བ་རྒྱ་མཚོའི་སྙིང་པོ་), Цагийг тохинуулагч залбирал (Жинлавчогцол) хоёрыг айлдаж, судрыг хайрласан нь их гүн учир утгатай байв. Тэр үед арван дөрөвдүгээр жарны эхний гал туулай жил (1807 он) Жүд дацан, Төр гэрэлтийн дөрөвдүгээр онд (1824 он) Цанид дацан, 1846 онд Зурхайн дацан, 1885 онд Дүйнхор дацанг тус тус байгуулжээ. Төр гэрэлтийн хорин зургаадугаар он буюу арван дөрөвдүгээр жарны гал морин жил, дээр өгүүлсэнчилэн Баруун хүрээнд зурхайн дацан байгуулснаас гадна нэгэн чухаг үйл явдал болжээ. Зургаадугаар Богд Жавзандамба хутагтын дөрвөн сүүдэр зооглосон тэр жил Баруун хүрээний шашны эзэн, цогт дээд ноён лам цорж Лувсанбалдан Ухаа овоот уулын өвөр энгэрт бүтээлийн аймгийн ёсонд нийцүүлэн өөрийн “Лавринг” босгосон нь номын явдлыг арвитгаж, шашны цагаан шүхрийг эрхэм дээдээр хатгасан эдүгээ бидний хуран буй “ПУНЦАГДАРЖААЛИН” болой. Үүний хойно арван тавдугаар жарны модон морин жил Гавжийн дамжаа номын хурлын голыг байгуулжээ.




